ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛЭЭС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТСАНААС ХОЙШ “CALLPRO”-ИЙН БОРЛУУЛАЛТ 3 ДАХИН ӨСЖЭЭ

2018 онд олон улсад старт-ап компаниуд 23 мянган хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийж, 407 тэрбум ам.долларын хөрөнгө татсан талаар гарааны бизнесүүдийг дэмжин ажилладаг “Yostartups” компани мэдээлж байна. Хөрөнгө оруулалтын дүн нь 2017 оныхоос 23.3 хувиар өсжээ.
Үүнээс гадна хөрөнгө оруулалтын дүнг олон нийтэд зарлаагүй 6500 гаруй хэлцэл баталгаажсан байна. Улс орнуудаар нь задлаад харвал АНУ 157 тэрбум ам.доллар, БНХАУ 110 тэрбум ам.доллар, Энэтхэг 38.5 тэрбум ам.долларыг гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулжээ.
Харин программ хангамж, финтек, эрүүл мэндийн технологи, медиа, энтертайнмент чиглэлийн компаниуд 2018 онд амжилттай санхүүжилт татсан байна. Хамгийн сүүлийн жишээг дурдахад Европын Холбоо богино хугацаанд санхүүжилт нэн шаардлагатай старт-апуудад 3.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, ирээдүйд АНУ, БНХАУ-тай өрсөлдөх технологийн компаниудыг бэлтгэхэд энэ хэмжээний хөрөнгө зарцуулахаар зэхэж байна.
Харин дотоодын зах зээлд харилцаа холбооны “CallPro” компани 20 хувиа 1.1 сая ам.доллароор үнэлж, Японы зах зээлээс хөрөнгө татжээ. Энэхүү хөрөнгөө техникийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсад үйлчилгээгээ тэлэх, судалгаа, хүний нөөцийг нэмэгдүүлэхэд голлон зарцуулж байгаа юм байна. Хөрөнгө татсанаас хойш компанийн борлуулалт нь гурав дахин өсжээ. Японд үйл ажиллагаагаа тэлэх үйл явц нь ахицтай байгаа талаар “Call Pro” компани мэдээллээ. Цаашид Мьянмар, Киргизстан улсын зах зээлд нэвтрэхээр төлөвлөж, оператор компаниудтай нь яриа хэлэлцээ хийж байгаа юм байна.
Үүнээс гадна борлуулалт, маркетингийн нээлттэй эхийн платформ хөгжүүлж байгаа “Erxes Inc.” компани 1.8 сая ам.долларын санхүүжилт татсан талаар мэдээллээ. Тус компани гурван жилийн хугацаанд 60 улсад 25 мянга гаруй хэрэглэгчтэй болжээ. Мөн дотоодод “Таван богд” групп, “Тэсо”, “Мобиком корпораци” зэрэг 20 гаруй “Enterprise” харилцагчтай болжээ. Улмаар ирэх онд 5-10 сая ам.долларын санхүүжилт татахаар төлөвлөж байгаагаа мэдээлсэн юм.
эх сурвалж;bloombergtvmongolia.com